Албан татварын хөнгөлөлт
Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
- үр тариа;
- төмс, хүнсний ногоо, түүний үр;
- жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;
- тэжээлийн ургамал;
- модны суулгац.
Орон сууцны хөнгөлөлт
Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.
Орон сууцны хөнгөлөлт эдлэх эхний жилд ХХОАТ-ын тайланг хэрхэн бэлтгэх тухай
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт
Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг ХХОАТТ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.
Бусад хөнгөлөлт
Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.
Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ:
– донорын олговор;
– даатгалын нөхөн төлбөр;
– Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал.
Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.
ХХОАТТ хуулийн 23.7-д заасан тоног төхөөрөмж, бараа материалын жагсаалтыг Засгийн газар батална.
ХХОАТТ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүн ХХОАТТ хуульд заасан хөнгөлөлт эдлэхгүй.
Албан татвар төлөгч ХХОАТТ хуулийн 23.3, 23.4-т заасан хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлнэ.
Албан татварын хөнгөлөлтийг ХХОАТТ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд ХХОАТТ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно.
ХХОАТТ хуулийн 22.1-д заасан чөлөөлөлт болон ХХОАТТ хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Албан татвар төлөгчийн ХХОАТТ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
| Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ | Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/ |
| 0-6 000 000 хүртэл | 240 000 |
| 6 000 000-12 000 000 хүртэл | 216 000 |
| 12 000 000-18 000 000 хүртэл | 192 000 |
| 18 000 000-24 000 000 хүртэл | 168 000 |
| 24 000 000-30 000 000 хүртэл | 144 000 |
| 30 000 000-36 000 000 хүртэл | 120 000 |
| 36 000 000 ба түүнээс дээш | – |






