Албан татварын хөнгөлөлт /Хуулийн этгээд/
ААНОАТ-ын 22 дугаар зүйл. Албан татварын хөнгөлөлт
22.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:
22.1.1.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
22.1.2.согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
22.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно.
22.3.Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно.
22.4.Энэ хуулийн 20.2.7, 22.1-д заасны дагуу албан татвар төлж, тайлагнах аж ахуйн нэгж энэ хуулийн 22.5-д заасан хөнгөлөлтийг эдлэхгүй.
22.5.Дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:
22.5.1.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар;
22.5.2.нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг;
22.5.3.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг;
22.5.4.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.5.5.Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2-т заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.6.хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг;
22.5.7.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.8.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.9.тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.10.доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар:
22.5.10.а.үр тариа, төмс, хүнсний ногоо;
22.5.10.б.сүү;
22.5.10.в.жимс, жимсгэнэ;
22.5.10.г.тэжээл, тэжээлийн ургамал;
22.5.10.д.эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн.
22.5.11.албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.5.12.Аялал жуулчлалын тухай хуулийн 6.2.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө./
22.5.13.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд гарааны компанийн Аялал жуулчлалын тухай хуулийн 5.2.3-т заасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг.
/Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.6.Энэ хуулийн 22.5.3, 22.5.4, 22.5.13-т заасан техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.7.Тайлант хугацаанд албан татварын хөнгөлөлтийг тухайн орлогод ногдуулан энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй.
22.8.Энэ хуулийн 22.5.1-д дараах салбар хамаарахгүй:
22.8.1.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа;
22.8.2.согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох;
22.8.3.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох;
22.8.4.газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах;
22.8.5.ярианы үйлчилгээ эрхлэх;
22.8.6.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;
22.8.7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;
22.8.8.авто зам, замын байгууламжийг барих, засварлах.
ААНОАТ-ын 23 дугаар зүйл. Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох
23.1.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно.
23.2.Дараах тохиолдолд гадаад улсад төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй:
23.2.1.гадаад улсад ногдуулан төлсөн боловч буцаан авах боломжтой;
23.2.2.гадаад улсад ногдуулан төлсөн албан татварын хүү, торгууль, алданги;
23.2.3.Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар ногдуулахгүй орлогод ногдуулан төлсөн албан татвар.
23.3.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг дараах шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцно:
23.3.1.албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татварын дүн;
23.3.2.гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар ногдох орлогод Монгол Улсын татварын хуулийн дагуу ногдуулсан тохиолдолд төлбөл зохих албан татварын дүн.
23.4.Энэ хуулийн 23.3.2-т заасан дүнг тухайн татварын жилд албан татвар төлөгчийн албан татвар ногдуулан төлсөн гадаад улс бүрээр тусад нь тооцно.
23.5.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар тухайн албан татвар төлөгчийн Монгол Улсад төлбөл зохих албан татварын дүнгээс илүү гарсан татварыг буцаан олгохгүй бөгөөд цаашид шилжүүлэн тооцохгүй.
23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг баталгаажуулахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагад тайлагнасан татварын тайлан, татварын ногдол, төлөлтийг нотолсон тус байгууллагын албан бичиг, тус байгууллагын үйлдсэн татвар төлснийг нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэнэ.
23.7.Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг харьяалах татварын алба баталгаажуулна.
23.8.Энэ хуулийн 23.1-д заасан гадаад улстай Монгол Улсын татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой байх бөгөөд эдгээр улсуудын жагсаалтыг жил бүрийн сүүлийн улиралд, жагсаалтад өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 10 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинэчлэн зарлана.
23.9.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн аж ахуйн нэгж энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.
23.10.Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах хүсэлт гаргах, тооцооны маягтын загвар батлах, баталгаажуулах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Хялбаршуулсан горим ашиглаж хэрхэн тайлан гаргах вэ, заавар хичээл






