Хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг “Албан татвар” гэнэ. 

Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. 

Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.  

Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна. 

Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно.

Татварын тодорхойлолт мөн чанар

  • Татвар ба түүний мөн чанар

Онолын талаас авч үзвэл, улс  орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх, төрөөс зах зээлийн харилцаанд нөлөөлөх зорилгоор хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлбөрийн үүрэг хүлээлгэх санхүүгийн хэрэгслийг  татвар гэнэ.  Татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас тогтоно.

Татвар нь төсвийн орлогын гол эх үүсвэр болохын зэрэгцээ төрийн зүгээс улс орны эдийн засаг, зах зээлийн харилцааг тохируулах гол хэрэгслүүдийн нэг. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэл, дотоод зах зээлийг дэлхийн зах зээлийн өрсөдөөнөөс хамгаалахад гаалийн татварыг ашигладаг бол архи, тамхины үйлдвэрлэл, хэрэглээг хязгаарлах зорилгоор  онцгой албан татвар ногдуулдаг.

Татвар нь нэгд мөнгөтэй холбоотой асуудал, хоёрт хувь хүний орлого, хэрэглээ, хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоотой байдгаас яах аргагүй хүн бүрийн сонирхох, судлах, мэдэж байх сэдэв юм.

Татвар нь улс орны нийгэм, эдийн засаг, зах зээлийн харилцааны гол тохируулагч хэрэгсэл болохын хувьд улстөрчид, судлаачид, бизнес эрхлэгчдийн байнгын анхаарлын төвд байдаг сэдэв.  

Татварын алба нь хуульд заасан татварыг хугацаанд нь бүрэн хураахаар ажилладаг бол  татвар төлөгч хуульд зааснаас илүүг төлөхгүй байх улмаар аль болох бага татвар төлөх, эсхүл татвар төлөх хугацааг хойшлуулахыг байнга эрмэлзэж байдаг. Иймд энэ хоёр эсрэг хандлагыг нэг зүгт чиглүүлэх нь татварын албаны үйлчлигээ, үйл ажиллагаа болон татвар төлөгчийн үүрэг хариуцлага, ёсзүйгээс шууд хамаарна. Дээрх шалтгаанаар татварын алба, татвар төлөгчдийн хооронд байнгын эрхзүйн харилцаа үүсч нэг талаас зөрчил, маргаан, хэлцэл, өрсөлдөөн,  нөгөө талаас үйлчилгээ, сурталчилгааны ажил явагдаж байдаг.

Татвар нь  орлого, хэрэглээ, хөрөнгөнд шууд нөлөөлж, боломжтой үедээ төлөх бололцоо олгодоггүйгээрээ  хэн бүхэнд эдийн засгийн дарамт учруулж байдаг. Гэвч өнөөг хүртэл зах зээлийн харилцаанд төсвийн орлого бүрдүүлэх, зах зээлийн үйл явцад төрөөс нөлөөлж чадах,  татварыг орлохуйц санхүүгийн бусад механизм гараагүй.   

Татварын төсөв бүрдүүлэх үүргийг засгийн газрын зээллэг-бонд гаргах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, төрийн болон засгийн газрын үйлчилгээг төлбөртэй болгох, төрийн өмчийг хувьчлах, гадаадаас зээл тусламж авах зэргээр түр орлуулж болох боловч эдгээр нь бүгд хязгаарлагдмал шинжтэй арга хэмжээнүүд юм.

Иймд зах зээлийн орчинд зайлшгүй оршин тогтнох-татварын хуулийн хэрэгжилтийг анхааралтай хянаж, судалж, аль болох сөрөг нөлөөлөл, дарамт багатай татвартай байлгах, түүний хэрэгжилтийг жигд, хямд зардлаар, зөв хангуулах нь татварын албаны ҮНДСЭН  үүрэг юм.

  • Татварын хууль, түүнд тавигдах шаардлага

Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгодог. Иймд  татварын хуулийн төсөл боловсруулах, хуулийг боловсронгуй болгох ажил Засгийн газар, түүний дотор Сангийн яамны чиг үүргийн хүрээнд байнга хийгдэх ажил. Татварын хууль боловсруулах явцад анхаарах хэд хэдэн нийтлэг үзүүлэлт байдаг . Үүнд:

  • тэгш шударга байдал
  • саармаг чанар
  • энгийн байх
  • бусад орнуудтай өрсөлдөхүйц байх

-Тэгш байдал гэдэг  нь татварын хууль нь ижил үйл ажиллагаатай, ижил орлого, хөрөнгө чинээтэй хуулийн этгээд, хувь хүмүүст ижил үйлчилнэ гэсэн утгатай юм.  Нөгөө талаар их орлого, их хөрөнгөтэй нь ихийг, бага орлого, бага хөрөнгөтэй бол багыг төлнө гэж тайлбарлаж болно.

-Саармаг чанар гэдэг нь татвар нь хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагааны чиглэл сонгох, хэрэглээний сонголт хийх зэргээр бизнесийн шийдвэр гаргах явцад аль болох нөлөө багатай байхыг хэлнэ.  Татвар нь бизнесийн сонголт, шийдэл гаргах гол үзүүлэлт байх тусам нөлөөлөл ихтэйн шинж.

-Энгийн байх  чанар гэдэг нь хуулийн утга төгөгөлдөр байх, үг хэллэг, агуулга, бүтэц нь зөв байх, зарчмууд нь ойлгомжтой, тодорхой байхыг хэлнэ. Уншихад  ойлгогдохоор, хэрэгжүүлэхэд эргэлзээ төрүүлж, ойлгомжгүй байдал гарахааргүй байх ёстой.

Татварын хууль тогтоомж нь энгийн байснаар дагаж мөрдөхөд тохиромжтой, судалж төлөвлөхөд хямд, бүртгэл хөтлөх, тайлан гаргахад хялбар байна.

Энгийн байх чанар нь татвараас зугтах, зайлсхийх боломжгүй байх нөхцлийг ч давхар бүрдүүлдэг.

-Бусад орнуудтай, ялангуяа хөрш орнуудтай бүтэц загварын хувьд ижил төстэй, ойролцоо хэмжээнд байхгүй бол хөрөнгө гадагшаа гарах, ажиллах хүчний суурьшилт тогтворгүй болох сөрөг нөлөөтэйгээс гадна хил дамнасан гүйлгээ, арилжааг татварт бүрэн хамруулахад улам түвэгтэй болно.

Эдгээр зарчмууд алдагдагдсанаар манай татварын тогтолцоонд багагүй хүндрэлүүд үүсч байсан. Жишээ нь: 2008 онд нэвтрүүлсэн Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар. г.м

  • Татварын хуулийн бүтэц, загвар

Татварыг зөвхөн татварын хуулийн дагуу ногдуулж хураана. Иймд татварын хуулиуд ижил төстэй бүтэцтэй байдаг. Тухайлбал: татварын хуулийн бүтцэд заавал байх дараахь үндсэн элементүүд байдаг. Үүнд:

  • хэн? – татвар төлөгчийн тодорхойлолт, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах асуудал
  • юунд? – татвар ногдох зүйлийг тодорхойлох,
  • яаж? – татвар ногдуулах суурийг тодорхойлох,
  • хэд? – татварын хувь хэмжээ
  • хэзээ? –ногдуулах, суутгах, төлөх, тайлагнах зарчим ба хугацаа

Дээрх үндсэн бүрдэл хэсгүүдийн томъёоллоос татварын хуулийн чанар, эдийн засгийн ач холбогдол  ихээхэн хамаарна.

Татварын хуульд байх гол хэсэг нь татвар төлөгчийг тодорхойлох явдал. Татвар төлөгч нь хувь хүн,  хуулийн этгээдүүд,  аж ахуйн нэгжүүд, гадаадын аж ахуйн нэгж, төлөөний газрууд байж болно.   Энэ хэсэгт бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагаа хамаарна.

Татварын ногдох зүйл нь тухайн хуулиар юунд татвар ногдуулахыг тодорхойлно. Орлого, хэрэглээ, эсхүл тодорхой төрлийн бараа, ажил, үйлчилгээнд, хөрөнгөнд эсхүл  байгалийн баялаг олборлосон, ашигласан, хэрэглээнд ногдуулж болно. Иймд энэ хэсэг нь татвар ногдох объектыг нарийн тодорхойлох хэсэг юм.

Татвар ногдуулах зүйлийн шинж чанараас хамаарч татвар ногдуулах (суурь) аргачлалыг зааж өгөх ёстой. Тухайлбал галт зэвсгийн албан татварыг бууны калибрийн хэмжээнд үндэслэж, автомашин, тээврийн хэрэгсэлд хөдөлгүүрийн багтаамжид үндэслэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг орлого зардлын зөрүүгээр гэх мэтээр татвар ногдох суурийг тодорхойлж өгдөг. 

Татварын хувь хэмжээ бол татварын хуулинд байх гол бүрдэл хэсэг юм. Татварын хувь хэмжээг тогтмол дүнгээр, хувь процентоор, өсөн нэмэгдэх хэлбэрээр шатлалтай, мөн урвуу шатлалтай байдлаар тогтоож болно.

Татварын хууль тогтоомжид хугацааны асуудал чухал байр суурь эзэлдэг. Татварын хуулинд татвар ногдуулах эсхүл суутгах, төсөвт төлөх, тайлагнах хугацааг заавал тодорхойлж өгдөг.

Ийнхүү татварын хуулиуд нь дээрх бүрдэл хэсгүүдийг тус тус агуулсан байдаг бөгөөд хэрэв аль нэг хэсэг нь тодорхойгүй л бол тухайн хуулийн хэрэгжилт үр дүнгүй болох талтай. Жишээ нь: Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын хувьд татвар ногдуулах суурийг тодорхойлох, төсөвт төлөх тайлагнах хугацааг тодорхойлох хэсгийг дутуу боловсруулсны улмаас бүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрч Үндсэн хуулийн цэц дээр удаа дараа хэлэлцэгдэж, хуульд удаа дараа өөрчлөлт орж байсны эцэст хүчингүй болгож байжээ.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хариуцлагын тогтолцоог татварын хуулийн үндсэн бүтцэд оруулдаггүй бөгөөд зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд оруулдаг. Иймд аливаа татварын хуулийг өөрчлөхөд дээрх иж бүрдлийг салгаж хэлэлцэж болдоггүй. Татварууд хоорондоо харилцан уялдаатай тул тогтолцоогоор нь, цогцоор нь авч үзэж шинжилнэ.

Татварын ерөнхий хуульд зааснаар Монгол улс нийт 29 төрлийн татвартай байхаар тусгагдсанаас Өв залгамжлал бэлэглэлийн албан татвар, Нохойны албан татварын хууль хараахан батлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй байна. 

                      Татварын нэр                                   Татвар төлөгч
ТАТВАР1Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани, нөхөрлөл болон бусад аж ахуйн нэгж, байгууллага
2Гаалийн албан татвар;Хилээр бараа импортолж, экспортолж байгаа этгээд
3Нэмэгдсэн өртгийн албан татвар;Бараа ажил үйлчилгээ борлуулагч, худалдан авагч
4Онцгой албан татвар;Согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, автомашин үйлдвэрлэгч, импортлогч, мөрийтэй тоглоомын тоног төхөөрөмж эзэмшигч/ашиглагч
5Автобензин, дизелийн түлшний албан татвар;Автобензин, дизелийн түлш үйлдвэрлэгч, импорлогч
6Хувь хүний орлогын албан татвар;Орлого олж байгаа хувь хүн
7Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч хувь хүн, хуулийн этгээд
8Малын тоо толгойн албан татвар;Мал бүхий этгээд, малчин
9Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;Монгол улсад автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч
10Галт зэвсгийн албан татвар;Буу, галт зэвсэг эзэмшиж буй этгээд
11Нийслэл хотын албан татвар;Согтууруулах ундаа, тамхи худалдан авагч, баар, зочид буудал, амралтын газар, зочид буудлын үйлчилгээ авсан этгээд
12Нохойны албан татвар; (хууль гараагүй)
13Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар; (хууль гараагүй)
ТӨЛБӨР14Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;Ашигт малтмал олборлогч, ашиглагч, дамжуулан борлуулагч
15Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч
16Агаарын бохирдлын төлбөр;Нүүрс олборлогч, агаар бохирдуулах эх үүсвэр эзэмшигч
17Ус бохирдуулсны төлбөр;Ус ашиглан хаягдал гаргаж, бохирдуулсан этгээд
18Газрын тосны нөөц ашигласны төлбөр;Газрын тос олборлогч
19Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;Газрын тос хайх, олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч
20Газрын төлбөр;Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших,  ашиглах эрхтэй этгээд
21Байгалийн ургамал ашигласны төлбөр;Байгалиас ургамал түүсэн этгээд
22Усны нөөц ашигласны төлбөр;Байгалийн ус ашигласан этгээд
23Рашаан ашигласны төлбөр;Рашаан ашиглаж буй этгээд
24Ойн нөөц ашигласны төлбөр;Ойн нөөц, ойгоос мод, түлээ ашиглаж буй этгээд
25Ан амьтны нөөц ашигласны төлбөр;Ан амьтан барьсан, агнасан этгээд
26Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.Элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон этгээд
ХУРААМЖ27Улсын тэмдэгтийн хураамж;Төрөөс үйлчилгээ авагч
28Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглах зөвшөөрлийн хураамж;Байгалийн баялаг ашиглах зөвшөөрөл хүссэн этгээд
29Хог хаягдлын үйлчилгээний хураамж;Хог хаягдал гаргаж буй этгээд
  • Татвар хураах үндсэн зарчмууд

Татварын тогтолцоог татвар ногдуулж, хураах талаас нь:

  • татвараа өөрөө ногдуулж төлөх зарчим,
  • татварын алба нь татварыг нь ногдуулж хураах зарчим гэсэн үндсэн 2 бүлэгт хуваадаг.

Монгол улсын татварын тогтолцоо нь   self-assessment system буюу татвар төлөгч нь татвараа өөрөө ногдуулж төлөх зарчимтай. Энэ зарчмаар татвар төлөгч нь татвараа өөрсдөө тооцоолон гаргаж төсөвт төлж тайлагнах үүрэг хүлээж, татварын алба нь татвар төлөгчдөө мэдээллээр хангаж, аргазүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлж, татвараа үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хугацаанд төлөх боломж, дэд бүтэц, шаардлагатай нөхцлийг хангах үүрэгтэй.

Татвараа буруу болон дутуу ногдуулсан тохиолдолд татвар төлөгч нь хариуцлага хүлээдэг. Энэхүү зарчим нь татвар хураах зардлыг ихээхэн хэмнэх боловч татварын албыг үйлчилгээ, сурталчилгаа, сургалт, судалгааны байгууллага байхыг шаарддаг.

Татварын албанаас төлөх татварыг нь тодорхойлж хураах зарчим буюу official-assessment system нь сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад нэлээд түгээмэл болжээ. Ялангуяа мэдээллийн технологи хөгжихийн хирээр төлөх татварыг нь татварын алба нь тодорхойлох зарчим нэн хурдацтай хөгжиж байна.

Монгол улсын хувьд ч татварын алба нь цахим баримт, гаалийн мэдээлэлд үндэслэн НӨАТ суутган төлөгчийн тухайн сарын НӨАТ-ын ногдлыг тодорхойлох боломжтой болгожээ. Цаашид ч мэдээллийн нэгдсэн системд үндэслэн татвар төлөгчийн төлбөл зохих   татварыг нь тодорхойлж татвар төлөгчдөд мэдээлэх, хэрэв зөвшөөрвөл төлж барагдуулах, зөвшөөрөхгүй бол хариу мэдэгдэж 2 талаас хяналт хийж шинэчлэн тодорхойлох зарчим руу шилжиж байна.  

Өнөөгийн байдлаар хөрөнгийн татварууд: газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, галт зэвсгийн албан татвар, тээврийн хэрэгслийн албан татвар, малын тоо толгойн албан татвар, байгалийн нөөц ашигласны төлбөрүүд болон агаар, усны бохирдлын төлбөрийн ногдлыг татварын алба нь  тодорхойлох боломж бүрдсэн байна.

Татварын албаны цахим систем www.etax.mta.mnwww.itax.mta.mn –ээр дамжуулан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татварын тайланг гаргах, илгээх, засварлах, цахим баримт үүсгэх, татвар төлөх дэд бүтэц бий болжээ.

Дээрх хувилбаруудаас гадна дундын суутгалын аргыг татварын албанд өргөн хэрэглэдэг. Энэ нь татварыг хямд зардлаар, эх үүсвэрээс нь гаргуулж авах арга юм. Дундын суутгалын аргыг Монгол улс өргөн ашигладаг ба татварын цахим системийн тусламжтайгаар энэ аргачлалын үүрэг, ач холбогдол улам боловсронгуй болж байна.

  • Татварын алба, түүний бүтэц зохион байгуулалт

Татварын албадын бүтэц зохион байгуулалтыг зарчмын хувьд дараахь үндсэн 3 бүлэгт хуваадаг:

  • татварын төрлөөр /орлогын, хөрөнгийн татварын, төлбөр хураамжийн гэх мэт/
  • үйл ажиллагааны чиглэлээр /татвар төлөгчийн бүртгэл, үйлчилгээ сурталчилгаа, татвар хураалт, хяналт шалгалт, мэдээллийн технологийн хэлтэс гэх мэт/
  • татвар төлөгчдийн ангиллаар /том, жижиг, дунд татвар төлөгч, гадаад, дотоодын хөрөнө оруулалттай гэх мэт/

Монголын  татварын алба үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдсан ангилалд багтах боловч холимог тогтолцоотой юм. Учир нь Татварын Ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар хэлтсүүдийн бүтцийн нэгжүүд нь үйл ажиллагааны чиглэлээр буюу татвар төлөгчдөд үйлчлэх, татварын орлого хураах, хяналт шалгалт гэх зэргээр зохион байгуулагдсан. Гэвч татварын харъяаллыг нь Том татвар төлөгчид, дунд татвар төлөгчид, жижиг, бичил татар төлөгч гэж ангилан харъяалуулж байгаагаас үзэхэд холимог бүтэцтэй гэж тодорхойлж болно.

Татварын албаны үйл ажиллагааны үр дүнг татвар хураалтын зардал гэдэг үзүүлэлтээр хэмжих ба татварын албаны төсөв ба нийт хураасан татварын орлогын харьцаа юм. Энэ дүн 2021 оны байдлаар 0,22 мөнгө буюу 1 төгрөгийн татвар хураахад 0,2 мөнгө зарцуулж байна. Энэ нь ойролцоогоор татварын алба 1 төгрөг зарцуулж 500 төгрөгийн татвар хураадаг гэсэн агуулгатай юм.

Түүнчлэн татварын албаны үйл ажиллагааны түвшинг үнэлэх чанарын олон үзүүлэлт байдаг:

  1. Татварын байцаагч нарын ур чадвар (боловсрол мэргэшлийн түвшин, татвар төлөгчид зөвлөлгөө өгөх, татварын зөрчил илрүүлэх чадвар)
  2. Институцийн хувьд (төсөв, тоног төхөөрөмж, ажлын байрны хангамж, мэдээлэл

     гаргуулах эрх, хөрөнгөд халдах эрх, хууль тайлбарлах эрх )

  1. Үйлчилгээний түвшин (үйлчилгээнд зориулсан хүний болон санхүүгийн нөөц, мэдээллийн технологи, мэдээлийн бааз ашиглалтын түвшин)
  2. Татварын албаны нэр хүнд (ялангуяа ажилтан албан хаагчид нийгэмд нэр хүндтэй байх)

Татварын алба нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихын тулд төрийн болон орон нутгийн төр, захиргааны байгууллагууд болон Татварын ерөнхий хуульд заасан бусад байгууллагуудтай байнгын харилцаатай ажиллах үүрэгтэй. Энэ нь нэг талаас татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа асуудал ба нөгөө талаас  татвар төлөгчдөө мэдээллээр хангаж, аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж байгаа ажиллагаа юм.   

Татварын албаны хамгийн гол үзүүлэлт бол  татварын алба, татварын улсын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлэхгүй байх явдал.

  • Татвар төлөгч

Монгол улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлд “хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь” иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг гэж тодорхойлсон.  Иймд хувь хүн, хуулийн этгээд, оршин суугч бус гадаадын иргэд, харъяалалгүй хүн, Монгол улсад байрладаггүй ч хуулийн дагуу татвар төлөх үүрэг бүхий гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар Монгол улсад  Татвар төлөгч байна.

Татварын хууль бүхэн татвар төлөгчийг тодорхойлсон байдаг бөгөөд татвар төлөгчөөр бүртгүүлэх, түүний эрх үүргийг Татварын ерөнхий хууль болон бусад татварын хуулиудад нэгбүрчлэн зааж өгдөг.

Татвар төлөгч нь хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй ч аль болох бага татвар төлөхийг эрмэлздэг ба татвар төлсний хувьд төрөөс аль болох их  дэмжлэг, үйлчилгээ авахыг эрмэлзэж байдаг.

Иймд татварын албаны зүгээс татвар төлөгчийн эрх үүрэг, тэдний хүлээх хариуцлагыг байнга таниулж, тайлбарлаж ухамсарлуулж байх үүрэгтэй.

Бусад орнуудтай харьцуулахад Монгол улсын татвар төлөгчдийн эрх хангалттай өргөн гэж тооцогдоно. Түүнчлэн татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Үүргийн хувьд бусад орны нийтлэг жишигт нийцэж байна.  Харин татварын хууль тогтоомж зөрчигсдөд ногдуулах хариуцлагын тогтолцооны хувьд нэлээд хатуу хариуцлага хүлээлгэдэг.

Нэг татвар төлөгч нь маш олон төрлийн татвар төлөх үүрэг хүлээдгээс   татвар төлөгчийн дугаарыг (хувь хүн, хуулийн этгээдийн регистрийн дугаар) ашигладаг бөгөөд энэ дугаарын ашиглалтыг улс орон даяар өргөсгөх нь татварын албанд ихээхэн ач холбогдолтой.

Татвар төлөгчийг бүртгэх үйл ажиллагаа нь татварын албаны үйл ажиллагааны хамгийн анхны үе шат бөгөөд хамгийн хариуцлагатай үйл ажиллагаа юм. Энэ үеэс эхлэн татвар төлөгчийг мэдээллээр хангах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх ажил эхлэх тул эхнээс нь сайн харилцаа үүсгэхийг чухалчилдаг.

Татварын нэр төрөл олшрох тусам татварын хуулийг нэг бүрчлэн хэрэгжүүлэх, татвар тайлан гаргах, татвар төлөх, баримт материал хөтлөх гээд багагүй зардал гарна. Үүнийг татвар ногдуулах зардал гэх бөгөөд татварын алба нь аль болох татвар ногдуулалтын зардлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж,  сурталчилгаа үйлчилгээг ч энэ чиглэлд хандуулдаг. Мэдээлийн цахим систем энд голлох үүрэгтэй байна.